36 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан

36.1.Нийгмийн ажилтны мэргэжлээр дээд боловсролтой, эсхүл боловсрол, нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан хүнд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх олгосны үндсэн дээр хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллуулна.

36.2.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан дараах үүрэг хүлээнэ:

36.2.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, нягтлан шалгах;

36.2.2.шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

36.2.3.эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, эдгээрт үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хүргэх, үнэлэх, хаах, эргэн хянах;

36.2.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд кейс менежмент хийх;

36.2.5.хүүхэд хамгааллын кейс бүрд хүүхэд хамгааллын үйлчилгээний үйл явцыг холбогдох журам, зааврын дагуу бүртгэх, баримтжуулах, архивлах, мэдээллийн санд оруулах;

36.2.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх тайлан, мэдээллийг харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад тухай бүр хүргүүлэх;

36.2.7.хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах;

36.2.8.хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдлын талаар харьяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэх;

36.2.9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох;

36.2.10.нийгмийн ажлын үйлчилгээний стандартыг дагаж мөрдөх.

36.3.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан дараах эрх эдэлнэ:

36.3.1.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн талаар, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийг төлөөлөн холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

36.3.2.хүүхэд хамгааллын асуудлаар хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүн, хуулийн этгээд, олон нийтэд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, сургалт, зөвлөгөө өгөх, шаардлага тавих;

36.3.3.мэргэжлийн ёс зүй, энэ хуульд заасан үүрэг болон үйлчлүүлэгчид харш үйлдэл гүйцэтгэхээс татгалзах;

36.3.4.хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээлэл, баримт бичгийг холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

36.3.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах нөхцөл үүсэхээр бол хууль сахиулагчийн туслалцааг авах.

36.4.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

36.5.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

36.6.Тухайн нэгжийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, гэр бүл, хүүхдийн тоо, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэргийг үндэслэн сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлалыг Засгийн газар батална.

36.7.Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар батална.

36.8.Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.