40 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо
40.1.Аймаг, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн хууль зүйн хороо /цаашид "хууль зүйн хороо" гэх/-г тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн байгуулна.
40.2.Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн дараах байгууллагын удирдах албан тушаалтнаас бүрдэнэ:
40.2.1.нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын алба;
40.2.2.аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс;
40.2.3.аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэс;
40.2.4.аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв;
40.2.5.аймаг, дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар, хэлтэс;
40.2.6.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба;
40.2.7.Засаг даргын ажлын албаны хуулийн асуудал хариуцсан нэгж;
40.2.8.аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс;
40.2.9.аймаг, нийслэл, дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс;
40.2.10.аймаг, дүүргийн прокурорын газар;
40.2.11.шүүхийн тамгын газар.
40.3.Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн, хуулийн этгээд, хуульч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухайн орон нутаг дахь салбар, нэгжийн төлөөллийг оруулж болно.
40.4.Хууль зүйн хороог шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгж, сум буюу сум дундын прокурорын газар болон шүүх ажиллаж байгаа сумдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрснөөр сумын Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн байгуулна.
40.5.Энэ хуулийн 40.2-т заасан нэгж суманд байхгүй бол тухайн асуудлыг хариуцсан албан хаагчийг хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд оруулна.
40.6.Хууль зүйн хорооны даргын үүргийг Засаг дарга, эсхүл түүний даалгаснаар Засаг даргын орлогч, эсхүл тухайн аймаг, дүүргийн Засаг даргын ажлын албаны хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга тус тус гүйцэтгэнэ.
40.7.Хууль зүйн хорооны гишүүн өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хууль зүйн хороо, түүний ажлын албыг мэдээллээр хангах, хууль зүйн хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг харьяа байгууллагын хэмжээнд хариуцан гүйцэтгэх үүрэгтэй.
40.8.Хууль зүйн хорооны гишүүн хууль зүйн хороонд хандсан, үйлчилгээ авсан хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн талаарх хүний хувийн болон эмзэг мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
40.9.Хууль зүйн хороо ажлын албатай байх бөгөөд уг ажлын албаны чиг үүргийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, сум дахь хууль зүйн хорооны нарийн бичгийн даргын үүргийг тухайн сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гүйцэтгэнэ.