41 дугаар зүйл. Хууль зүйн хорооны чиг үүрэг
41.1.Хууль зүйн хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд дараах үйлчилгээг үзүүлэхээр шийдвэр гаргаж, биелэлтийг хангаж ажиллана:
41.1.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
41.1.2.шаардлагатай тохиолдолд бага насны хүүхдийн мэдүүлгийг дуу, дуу-дүрсний бичлэгээр урьдчилан баталгаажуулж авах ажлыг зохион байгуулах;
41.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд эцэг, эх, гэр бүлийн гишүүд болон бусад этгээдийн дарамт, шахалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа, мэдээлэл өгөх, хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргах, саналаа хэлэх, хүсэлт гаргах нөхцөлийг хангах;
41.1.4.эцэг, эх, гэр бүлийн гишүүд, үе тэнгийнхэн, сургууль, хамт олонд зөвлөгөө өгөх, уулзалт, ярилцлага зохион байгуулж, үр дүнг тооцох;
41.1.5.хүүхдийг хорт зуршлаас ангижрах эмчилгээ, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах;
41.1.6.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, зөрчилд холбогдогчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үеэр түүнд учирч болох сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтран ажиллах, хүүхдэд батлан даагч томилуулахаар санал гаргах;
41.1.7.гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхэд болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас бусад тохиолдолд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг хүүхдийн байгаа газар, тусгай өрөөнд зохион байгуулах арга хэмжээг авах;
41.1.8.хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд олгох сургалт, хүмүүжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
41.1.9.хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг сурч боловсрох эрхээ эдлэхэд шаардлагатай орчин, нөхцөлөөр хангах ажлыг зохион байгуулах;
41.1.10.хорих ялаар шийтгүүлсэн хүүхдийг хугацаанаас өмнө нь суллуулах асуудлаар хорих байгууллага, прокурорт санал гаргах, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүүхдэд хяналтын хугацаанд үүрэг хүлээлгэсэн тохиолдолд уг үүргийг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
41.1.11.тогтоолын биелэлтийг хойшлуулсан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
41.1.12.хорих ял, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эцэг, эх, харгалзан дэмжигчгүй хүүхдийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, баривчлах байр, цагдан хорих төвөөс суллагдсан үед хүлээн авч, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулж, зохих байгууллагад шилжүүлэх;
41.1.13.өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, зөрчилд холбогдогч, эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэл хүлээсэн хүүхдийг хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах;
41.1.14.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд, түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах;
41.1.15.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүүхдэд хууль зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.
41.2.Хууль зүйн хороо үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд гарах зардлын төсвийг боловсруулж, тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлөөр батлуулна.
41.3.Хууль зүйн хорооны шийдвэр, үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх үүргийг ажлын алба хэрэгжүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавина.