42 дугаар зүйл. Хууль зүйн хорооны хуралдаан, түүнээс гарах шийдвэр
42.1.Хууль зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэртэй байна.
42.2.Хууль зүйн хорооны хуралдааныг гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
42.3.Хууль зүйн хорооны хуралдааныг энэ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор, шаардлагатай тохиолдолд дарга, эсхүл хоёр буюу түүнээс дээш гишүүний санаачилгаар хийнэ.
42.4.Ажлын алба хууль зүйн хорооны хуралдаан болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгийг гишүүдэд тараасан байна.
42.5.Хууль зүйн хороо хуралдааны дэгийг өөрөө тогтооно.
42.6.Хууль зүйн хороо хэвлэмэл хуудастай байна. Хууль зүйн хорооны шийдвэрт тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын тэмдгийг хэрэглэнэ.
42.7.Хууль зүйн хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй, эсхүл хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах саналыг хууль зүйн хороо эрх бүхий этгээдэд хүргүүлж болно.