43 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар хууль зүйн хороонд мэдэгдэх үүрэг
43.1.Дараах этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг харьяа хууль зүйн хорооны ажлын албанд хүргүүлнэ:
43.1.1.эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өсвөр насны сэжигтэн, яллагдагч, зөрчилд холбогдогч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдийн мэдээллийг тухай бүр;
43.1.2.шүүх шүүхэд шилжүүлсэн өсвөр насны яллагдагч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ял шийтгэгдсэн, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхдийн мэдээллийг тухай бүр;
43.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдийн мэдээллийг ялын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, бусад үндэслэлээр суллагдсан тохиолдолд суллагдсанаас хойш 3 хоногийн дотор.
43.2.Хууль зүйн хорооны ажлын алба энэ хуулийн 43.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авсан, эсхүл өөрөө олж авсан тохиолдолд хууль зүйн хороогоор зохих шийдвэрийг гаргуулж, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулна.
43.3.Хууль зүйн хорооны ажлын алба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг кейс менежментийн үе шатны хүрээнд үзүүлнэ.
43.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, түүний гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний тайланг эрх бүхий этгээдэд хүргүүлэх бөгөөд эрх бүхий этгээд нөхцөл байдлын үнэлгээний тайланг хэргийн материалд хавсаргаж, нотлох баримтаар үнэлэх эрхтэй.
43.5.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд харьяа хууль зүйн хороо, түүний ажлын албатай тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллана.