3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчим

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, бүрэн эрх, зарчим

3.1.Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль тогтоох эрх мэдлийг өөрт дангаар хадгалж, төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэн, түүний үндсийг тодорхойлж, хууль тогтоох, улсын төсөв батлах, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.4.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.