4 дугаар зүйл. Улсын Их Хурлын бие даасан байдал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Улсын Их Хурлын бие даасан байдал

4.1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно. Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглоно.

4.2.Улсын Их Хурал хуралдааны дэгээ өөрөө тогтооно.

4.3.Улсын Их Хурал санхүүгийн хувьд бие даасан, үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцэхүйц төсөвтэй байна.

4.4.Улсын Их Хурал чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхтай, мэргэшсэн ажлын албатай байх бөгөөд үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангагдана.

4.5.Улсын Их Хурал тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, шагналтай байна.

4.6.Улсын Их Хурлын оноосон нэртэй адил утга, агуулгатай нэр, нэрийн товчлолыг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

4.7.Улсын Их Хурал Монгол Улсын Төрийн ордонд байрлана. Монгол Улсын Төрийн ордон нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдааны танхимтай байна.

4.8.Нэгдсэн хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын Их Хурал хуралдаж, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих болон ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүд нийт иргэн, улсын ашиг сонирхлын өмнөөс үг хэлэх, нам, эвслийн бүлэг байр сууриа илэрхийлэх, олонх, цөөнх мэтгэлцэхэд зориулагдсан байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.9.Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.