39 дугаар зүйл. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авах, хэлэлцэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2025-07-09-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2025-07-09-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

39.1.Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ цахим системээр хүлээн авч болно.

39.2.Нийтийн өргөдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 болон 8-д заасан Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргана.

39.3.Улсын Их Хурал дараах үндэслэлээр нийтийн өргөдлийг хүлээн авахгүй:

39.3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, дэг журамд илт нийцээгүй;

39.3.2.улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан;

39.3.3.бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалсан;

39.3.4.өргөдөлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;

39.3.5.хувийн асуудлаар гаргасан.

39.4.Нийтийн өргөдөл гаргахад дараах шаардлагыг хангасан байна: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.4.1.өргөдөл гаргагч 18 насанд хүрсэн байх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.4.2.өргөдөлд хүний хувийн мэдээлэл агуулаагүй байх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.4.3.өргөдлийг монгол хэлээр, кирил үсгээр бичсэн байх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.4.4.өргөдлийн агуулга ойлгомжтой тодорхой байх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.4.5.бусдыг гүтгэх, доромжлох, гутаах агуулга, ёс бус үг, хэллэг хэрэглээгүй байх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.4.6.өргөдлийг тодорхой нэг асуудлаар гаргах бөгөөд өөр агуулга тусгахаар бол тусад нь өргөдөл гаргах. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

39.5.Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулах ба уг өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн дэмжсэн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд Улсын Их Хурал авч хэлэлцэнэ: /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.5.1.хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; /Энэ заалтыгн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.5.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; /Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.5.3.тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол. /Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.6.Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

39.7.Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3-т заасан тоон гарын үсгээр баталгаажсан байна. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.