41 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрхийн баталгаа
41.1.Гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, түүний албан тушаалтан дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
41.2.Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.
41.3.Гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.
41.4.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, нэрийн хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын дарга захирамжаар батална.
41.5.Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.
41.6.Гишүүн, түүний унаа, тээврийн хэрэгсэл аливаа дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
41.7.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд[9] заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
41.8.Гишүүнээр ажилласан хугацааг нь мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.
41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.
41.10.Гишүүнийг эгүүлэн татсан бол түүнд энэ хуулийн 41.9-д заасан тэтгэмж олгохыг хориглоно.
41.11.Онцгой чуулган зарласан тохиолдолд гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Ерөнхийлөгч хангаж, шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.
41.12.Гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж даатгалын хураамжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
41.13.Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд дараах баталгаагаар хангагдана:
41.13.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж болон авч байсан цалингийн зөрүүг олгох;
41.13.2.хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр болон авч байсан цалингийн зөрүүг олгох;
41.13.3.хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилтны хөлс олгох;
41.13.4.гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.
41.14.Энэ хуулийн 41.13.2-т заасан цалингийн зөрүүг гишүүний бүрэн эрхийн хугацаатай адил хугацаагаар, энэ хуулийн 41.13.3-т заасан хөлсийг тусламж үйлчилгээ авсан хугацаанд олгоно.
41.15.Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол 24 сарын, өвчний улмаас нас барсан бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.
41.16.Эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн гишүүний эрүүл мэндийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
41.17.Гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслах нь түүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
41.18.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар гишүүн, түүний бие төлөөлөгч-туслахыг ажиллах нөхцөл, боломжоор хангах үүрэгтэй.