42 дугаар зүйл. Гишүүний төсөвт зардал, цалин, бусад хангамж
42.1.Гишүүний цалин, нэмэгдэл, албан томилолт, бичиг хэргийн болон үйл ажиллагааны бусад зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
42.2.Энэ хуулийн 42.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно.
42.3.Гишүүн тойрогт ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуульд[10] заасны дагуу хуваарилагдах хөрөнгийг уг зардалд үл тооцно.
42.4.Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.
42.5.Гишүүн батлагдсан төсөвт зардалдаа багтаан зөвлөх, туслах ажиллуулж болох бөгөөд тойргоос сонгогдсон гишүүн бие төлөөлөгч-туслахтай байж болно. Гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.
42.6.Гишүүний төсөвт зардлаас Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний зөвшөөрөлтэйгөөр зарлага гаргаж, холбогдох нягтлан бодох бүртгэлийг хөтлөх бөгөөд зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.
42.7.Гишүүн төсөвт зардлынхаа цалингийн сангаас бусад зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.
42.8.Гишүүн төсөвт зардлынхаа зарцуулалтын мэдээг Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.
42.9.Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаатай холбоотой төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй.
42.10.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол түүний төсвийн зардлын санхүүжилтийг зогсоох бөгөөд сэргээсэн бол түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн тооцож гишүүн, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын санхүүжилтийг нөхөн олгоно.
42.11.Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол түүнд тасалсан өдрийн цалинг олгохгүй.
42.12.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах бөгөөд тэдгээрийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.