15 дугаар зүйл. Хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага

15.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

15.1.1.сануулах;

15.1.2.хуралдаанд үг хэлэх эрхийг хасах;

15.1.3.хуралдааныг орхин гарахыг үүрэг болгох;

15.1.4.хуралдаанд оролцох эрхийг хасах.

15.2.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуулт асуух, үг хэлэх, зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүний үгийг тасалж, эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна.

15.3.Гишүүн эхний удаа өгсөн сануулгыг биелүүлээгүй бол хуралдаан даргалагч гишүүний үг хэлэх эрхийг хасаж, тухайн асуудлын хэлэлцүүлгийн явцад дахин үг хэлэх эрх олгохгүй.

15.4.Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна.

15.5.Гишүүн хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахихыг сануулсан шаардлагыг үл биелүүлж, бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдаанаас гаргана.

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан хариуцлага хүлээсэн гишүүн хуралдааныг нэн даруй орхин гарах үүрэгтэй бөгөөд гишүүн хуралдааны танхимыг ийнхүү орхин гараагүй нь тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах хариуцлага оногдуулах үндэслэл болно.

15.7.Энэ хуулийн 15.6-д заасны дагуу тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч тухайн зөрчилтэй нь холбогдуулан уг гишүүний хуралдаанд оролцох эрхийг 3 хүртэл удаа хасаж болно.

15.8.Зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь нэгдсэн болон тухайн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хамаарна.

15.9.Гишүүн энэ хуулийн 15.1.4-т заасны дагуу хуралдаанд оролцох эрхээ хасуулсан тохиолдолд ирцийн бүртгэлээс хасна.

15.10.Гишүүн энэ хуулийн 15.1-д заасан зөрчлийг удаа дараа давтан гаргасан бол тухайн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэн санал, дүгнэлт гаргана. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.