35 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах

35.1.Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд хуваарилах бөгөөд уг Байнгын хороо төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хариуцна.

35.2.Энэ хуулийн 35.1-д заасны дагуу хуулийн төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг холбогдох Байнгын хороонд хуваарилснаас хойш 3 хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлэх ба эдгээр нь олон нийтэд нээлттэй байна.

35.3.Байнгын хороо анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө тухайн хуулийн төсөлтэй 7-оос доошгүй хоногийн хугацаанд танилцах боломжийг гишүүдэд олгоно.

35.4.Байнгын хороо хүсэлт гаргасан бол Тамгын газар хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах бөгөөд хууль зүйн зөвлөмжийг Улсын Их Хурлын нийт гишүүнд хүргүүлсэн байна. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.5.Нам, эвслийн бүлэг хуулийн төслийг урьдчилан хэлэлцэж чуулганаар хэлэлцэх эсэх тухай санал, дүгнэлт гаргасан бол уг санал, дүгнэлтийг нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.

35.6.Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

35.7.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах горимын санал гаргасан тохиолдолд хэлэлцүүлгийн эхэнд санал хураалт явуулж шийдвэрлэнэ. Мэтгэлцээний дараа хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.

35.8.Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахдаа дараах журмыг баримтална:

35.8.1.хууль санаачлагч илтгэлээ 10 минутад багтаан танилцуулах;

35.8.2.энэ хуулийн 35.5-д заасны дагуу нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол уг санал, дүгнэлтийг 5 минутад багтаан танилцуулах;

35.8.3.энэ хуулийн 35.6-д заасны дагуу санал гаргасан бол уг саналыг 5 минутад багтаан танилцуулах;

35.8.4.Тамгын газраас тухайн төсөлд хууль зүйн зөвлөмж гаргасан бол түүнийг 10 минутад багтаан танилцуулах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.8.5.шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч Тамгын газраас хуулийн төсөлд хийсэн хууль зүйн зөвлөмжтэй холбогдуулан 5 минутад багтаан тайлбар хийх; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.8.6.гишүүд хууль санаачлагчаас асуулт асуух;

35.8.7.шаардлагатай бол тухайн салбарын эрдэмтэн, судлаачийн саналыг сонсох;

35.8.8.гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэх.

35.9.Хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаггүй гишүүн оролцож, асуулт асууж, үг хэлж болно.

35.10.Гишүүн хуралдаанд асуулт асууж, үг хэлэхдээ баримт, нотолгоонд суурилсан, үнэн, бодит мэдээлэлд тулгуурлах ба энэ журмыг зөрчсөн тохиолдолд хуралдаан даргалагч асуулт, үгийг тасалж болно.

35.11.Энэ хуулийн 35.8-д заасны дагуу хуралдааныг явуулсны дараа Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна. Хэрэв энэ хуулийн 35.7-д заасны дагуу мэтгэлцээн явуулсан тохиолдолд энэ хуулийн 35.8.1, 35.8.2, 35.8.3, 35.8.4, 35.8.5-д заасны дагуу хэлэлцүүлгийг явуулсны дараа ил санал хураалтыг шууд явуулж болно.

35.12.Санал хураалтын дүнгээр цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин нэг удаа санал хураалгаж болох бөгөөд Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар санал, дүгнэлт гаргаж, түүнийг нэгдсэн хуралдаанд илтгэх гишүүнийг томилно.

35.13.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэж үзсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

35.14.Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

35.15.Байнгын хороо хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтдээ дараах зүйлийг тусгаж, нэгдсэн хуралдаанд оруулна:

35.15.1.хуулийн төслийн зардлын тооцоо;

35.15.2.хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага;

35.15.3.хууль зүйн зөвлөмжийн талаарх мэдээлэл; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.15.4.санал хураалтын дүн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.