36 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах

36.1.Хууль санаачлагч хуулийн төслийн үзэл баримтлалын талаар нэгдсэн хуралдаанд 10 минутад багтаан танилцуулга хийнэ.

36.2.Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна. Хэрэв энэ хуулийн 11.3-т заасны дагуу нам, эвслийн бүлгээс хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн хуралдаанд мэтгэлцээн явуулах санал, дүгнэлт гаргасан тохиолдолд энэ зүйлийн 36.3, 36.4-т заасан дүгнэлт, саналыг сонссоны дараа мэтгэлцээн явуулна. Мэтгэлцээний дараа нэгдсэн хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.

36.3.Засгийн газар Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.13-т заасны дагуу тухайн хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нэгдсэн хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна. Засгийн газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй.

36.4.Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд хуралдаанд энэ хуулийн 31.2-т заасан Засгийн газрын гишүүн танилцуулна.

36.5.Хуралдаан даргалагч энэ хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт, хариултыг зохион байгуулна.

36.6.Энэ хуулийн 36.5-д заасан дараалалд орсон гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж болно.

36.7.Нэгдсэн хуралдаанд асуулт асуух, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд багтаан зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч 1 хүртэл цагаар сунгаж болно.

36.8.Гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.

36.9.Гишүүний асуултад хариулах хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй байна.

36.10.Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр 2 хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаагаар үг хэлнэ. Гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэхдээ индрээс үг хэлнэ.

36.11.Гишүүн хуулийн төслийн үзэл баримтлалтай шууд холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч зогсоох эрхтэй.

36.12.Үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулна.

36.13.Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн бол тухайн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байнгын хороонд шилжүүлнэ.

36.14.Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.

36.15.Энэ хуулийн 36.14-т заасны дагуу үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг нэг жилийн дотор дахин өргөн мэдүүлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.