37 дугаар зүйл. Төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах
37.1.Холбогдох Байнгын хороо шаардлагатай бол анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.5-д заасны дагуу хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцааг харгалзан 10 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж болно.
37.2.Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын дарга хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж болно.
37.3.Тухайн хууль, тогтоолын төслийг хэд хэдэн Байнгын хороонд хуваарилсан бол Байнгын хороод хамтран ажлын хэсэг байгуулж болно.
37.4.Ажлын хэсгийн ахлагчид холбогдох Байнгын хорооноос нэг гишүүн нэр дэвшвэл шууд, нэгээс илүү гишүүн нэр дэвшвэл илээр санал хураалт явуулж, олонхын санал авсан гишүүнийг ахлагчаар томилно.
37.5.Энэ хуулийн 37.1, 37.2, 37.3-т заасан ажлын хэсэгт хууль санаачлагч орохгүй.
37.6.Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч товлон зарлаж хуралдуулах ба гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно. Хуралдаанаар олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
37.7.Ажлын хэсгийн хуралдаанд холбогдох салбарын мэргэжилтэн, шинжээчдийг татан оролцуулж болох ба Тамгын газрын ажилтнуудыг чиг үүргийнх нь дагуу байлцуулна.
37.8.Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг энэ хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу хөтөлж, хадгална.
37.9.Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбоотойгоор энэ зүйлд зааснаас өөр ажлын хэсэг, ажлын хэсгийн доор ажлын дэд хэсэг байгуулахгүй.