38 дугаар зүйл. Төслийн талаар олон нийтээс санал авч, хэлэлцэх журам
38.1.Нэгдсэн хуралдаан хуулийн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө дараах журмаар зохион байгуулна:
38.1.1.тухайн төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлэх, сонирхлын бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг аль нэг хэлбэрийг сонгох;
38.1.2.санал ирүүлэх хугацаа, хэлбэр, түүнийг хүлээн авах хаяг /утас, цахим шуудан/, хэлэлцүүлэг хийх өдөр зэргийг агуулсан мэдээллийг олон нийтэд хүргэх;
38.1.3.олон нийтээс ирүүлсэн саналыг судалж үзсэний үндсэн дээр холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тухайн төсөлд санал өгсөн олон нийтийн төлөөллийг Байнгын хорооны хуралдаанд урьж ирүүлэн саналынх нь талаар тайлбар авах, асуулт асуух;
38.1.4.олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр Улсын Их Хуралд хандаж ирүүлсэн саналыг Тамгын газар ангилан нэгтгэж, холбогдох Байнгын хороонд тухайн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө хүргүүлэх.