39 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

39.1.Холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлт гаргана. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо нам, эвслийн бүлгээс гаргасан саналын дагуу төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар энэ хуулийн 11.2.2-т заасны дагуу урьдчилан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд мэтгэлцээн явуулна.

39.2.Хуулийн төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед тухайн Байнгын хороонд харьяалагдсан гишүүн таслах эрхтэй оролцоно.

39.3.Нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

39.4.Нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хуваарилсан бол Байнгын хороод тухайн хуулийн төслийг хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж болно.

39.5.Тухайн асуудал хуваарилагдаагүй Байнгын хороо /цаашид "бусад Байнгын хороо" гэх/, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

39.6.Энэ хуулийн 39.3, 39.4, 39.5-д заасны дагуу санал, дүгнэлт гаргасан Байнгын хороо, нам, эвслийн бүлэг тухайн хуулийн төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд тэдгээрийг төлөөлөх гишүүнийг томилж, энэ тухай санал, дүгнэлтдээ тусгана.

39.7.Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч, энэ хуулийн 39.6-д заасан Байнгын хороо, нам, эвслийн бүлгийг төлөөлөх гишүүн, ажлын хэсгийн гишүүн, холбогдох бусад албан тушаалтан оролцоно.

39.8.Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч хуулийн төслийн талаар тодруулга, тайлбар хийж болно.

39.9.Хэрэв тухайн хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан бол тухайн ажлын хэсэг хуулийн төслийн талаарх тусгайлсан саналаа танилцуулна.

39.10.Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ. Хэрэв төслийн зүйлээр хуульд шинээр бүлэг, дэд бүлэг нэмэх, бүлэг, дэд бүлгийг бүхэлд нь өөрчлөх бол тухайн бүлгийн зүйл бүрээр хэлэлцэнэ.

39.11.Гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно.

39.12.Гишүүний асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.

39.13.Гишүүний асуултад хариулах хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 2 минутаас илүүгүй байна.

39.14.Гишүүн, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 39.17-д заасан зарчмын зөрүүтэй саналаа хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаагаас бусад тохиолдолд холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байна.

39.15.Гишүүн, бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан бол түүнийхээ үндэслэлийг 5 минутаас илүүгүй хугацаанд тайлбарлаж болно.

39.16.Гишүүн холбогдох Байнгын хороонд харьяалагддаг эсэхээс үл хамааран тухайн хэлэлцэж байгаа хуулийн төсөлд энэ хуулийн 4.1.4-т заасан шаардлагыг хангасан зарчмын зөрүүтэй санал ирүүлж болох бөгөөд санал гаргасан гишүүн хуралдаанд оролцсон эсэхээс үл хамааран гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна.

39.17.Байнгын хороо гишүүн, нам, эвслийн бүлгээс урьдчилсан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах бөгөөд энэ тохиолдолд хуулийн төслийн томьёолол хажуугийн саналд тооцогдоно.

39.18.Гишүүн, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 4.1.4-т заасны дагуу санал хураалгах болсон үндэслэлээ бичээгүй бол уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүй.

39.19.Энэ хуулийн 39.16-д заасан зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа олонхын дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны саналд тооцон нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд цөөнх болсон нам, эвслийн бүлгийг төлөөлөх гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтэд тэмдэглүүлж нэгдсэн хуралдаанд үг хэлж саналаа тайлбарлан санал хураалгаж болно.

39.20.Төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй. Энэ хуулийн 39.9-д заасны дагуу ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсгийн саналаар эхэлж санал хураалт явуулна.

39.21.Байнгын хорооны санал хураалтаар санал нь дэмжигдээгүй цөөнх болсон нам, эвслийн бүлгийг төлөөлөх гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтэд тэмдэглүүлж, нэгдсэн хуралдаанд үг хэлж саналаа тайлбарлан санал хураалгаж болно.

39.22.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 39.3, 39.4, 39.5-д заасны дагуу бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн, тухайн Байнгын хорооны гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхын санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгана.

39.23.Хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан төслийн бусад зүйл, хэсэг, заалтад нэг ижил нэр томьёоны, эсхүл найруулгыг жигдлэх өөрчлөлт орохоор бол багцлан нэг санал хураалт явуулж болно.

39.24.Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно.

39.25.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл хууль санаачлагчид буцаах тухай тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулна.

39.26.Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

39.27.Холбогдох Байнгын хороо хэлэлцэж байгаа төсөл болон тухайн төслийн талаар гаргасан санал нь улсын болон орон нутгийн төсөв, түүнчлэн санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шууд ба шууд бус байдлаар сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулж болно.

39.28.Тухайн хуулийн төсөлтэй холбогдуулан иргэн, байгууллагаас бичгээр болон цахим хэлбэрээр санал ирүүлсэн, Байнгын хорооноос олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулсан бол энэ тухай мэдээллийг сонсоно.

39.29.Байнгын хороо хэлэлцэж байгаа төсөл болон тухайн төслийн талаар гаргасан саналтай холбогдуулан тусгайлан судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийлгэсэн, хууль зүйн зөвлөмж гаргуулсан бол тэдгээрийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.30.Тамгын газар энэ хуулийн 39.28, 39.29-т заасан санал, судалгаа, хууль зүйн зөвлөмжийг Байнгын хорооны хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараасан байна. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.31.Энэ хуулийн 39.28, 39.29-д заасны дагуу тусгайлан судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийлгэх, хууль зүйн зөвлөмж гаргуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах бол анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.32.Гишүүн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад татан авч болно.

39.33.Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтдээ дараах зүйлийг тусгаж, нэгдсэн хуралдаанд оруулна:

39.33.1.зарчмын зөрүүтэй саналын үндэслэл, шаардлага;

39.33.2.хууль зүйн зөвлөмж гаргуулсан бол түүний талаарх мэдээлэл. /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.