41 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах
41.1.Нэгдсэн хуралдаанаар зөвхөн холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан хуулийн төслийг хэлэлцэнэ.
41.2.Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байна.
41.3.Нэгдсэн хуралдаанд асуулт, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд зохион байгуулах ба шаардлагатай тохиолдолд хуралдаан даргалагч нэг хүртэл цагаар сунгаж болно.
41.4.Хуралдаан даргалагч энэ хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт, хариултыг зохион байгуулна.
41.5.Асуулт, хариулт дууссаны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр дараах журмаар санал хураалт явуулна:
41.5.1.хуулийн төслийн талаар Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг тайлбарлаж, түүнийг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр 2 хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа санал хураалт явуулах;
41.5.2.хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй санал тус бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх.
41.6.Хуралдаан даргалагч санал хураалт явуулах цагийг урьдчилан товлон зарлах бөгөөд санал хураалт явуулахаас 5 минутын өмнө тусгайлан дохио өгч гишүүдэд мэдэгдэнэ.
41.7.Гишүүн, нам, эвслийн бүлэг гаргасан зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад татан авч болно.
41.8.Санал хураалт явуулж дууссаны дараа хуралдаан даргалагч хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх ба энэ талаар санал хураалт явуулахгүй.
41.9.Хуулийн төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг төслийн хэмжээ, цар хүрээг харгалзан хуралдаан даргалагч тогтоож болно.
41.10.Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана.
41.11.Энэ хуулийн 39.24-т заасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг эцэслэн батлах үе шатанд шилжүүлнэ.
41.12.Байнгын хороо энэ хуулийн 39.25-д заасан үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно.