42 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах
42.1.Хуулийн төслийг холбогдох Байнгын хороо дараах журмаар нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ:
42.1.1.нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга бэлтгэх;
42.1.2.энэ хуулийн 42.1.1-д заасан төсөл болон танилцуулгыг Байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараан танилцуулсны үндсэн дээр хуралдаанаар хэлэлцэх;
42.1.3.энэ хуулийн 42.1.1-д заасан танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух.
42.2.Холбогдох Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа дараах тохиолдолд санал хураалт явуулж болно:
42.2.1.нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн;
42.2.2.анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал болон хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо, эсхүл бусад хуультай зөрчилдсөн талаарх хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн байнгын хороо дэмжиж санал, дүгнэлт гаргасан; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.2.3.нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн.
42.3.Энэ хуулийн 42.2-т зааснаас бусад үндэслэлээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргахыг хориглоно.
42.4.Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн дүнд үндэслэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг санал хураалгах томьёоллын хамт Улсын Их Хурлын нийт гишүүнд тараана.
42.5.Анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хамтад нь хэлэлцүүлж болно.
42.6.Энэ хуулийн 42.5-д заасан төсөл нь бусад Байнгын хорооны эрхлэх асуудалд хамааралтай бол тухайн Байнгын хороо уг төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн байна.
42.7.Төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх болон энэ хуулийн 42.5-д заасан төслийг боловсруулах ажлыг холбогдох Байнгын хороо хариуцан гүйцэтгэнэ.
42.8.Энэ хуулийн 42.5-д заасны дагуу боловсруулсан төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн батална.