44 дугаар зүйл. Хуулийн төслийг эцэслэн батлах
44.1.Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж, нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараасан байна.
44.2.Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.
44.3.Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.
44.4.Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.
44.5.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн баталж болно.
44.6.Баталсан хуулийн эцсийн найруулгыг бэлтгэх хугацааг тухайн хуулийн хэмжээ, цар хүрээ холбогдох Байнгын хорооны саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтооно.