46 дугаар зүйл. Хууль, тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулах, ёсчлох
46.1.Энэ хуульд заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга хийх, ёсчлох ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ:
46.1.1.холбогдох Байнгын хороо, Тамгын газрын эцсийн найруулга хийсэн хууль, тогтоолыг Ерөнхий нарийн бичгийн дарга хянаж, Улсын Их Хурлын даргад эцсийн хувилбарыг танилцуулах;
46.1.2.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 46.1.1-д заасны дагуу ирүүлсэн хууль, тогтоолын эцсийн найруулгыг хянаж, Улсын Их Хуралд танилцуулахыг зөвшөөрөх;
46.1.3.Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх;
46.1.4.Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.3-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцах үед гишүүний гаргасан найруулгын саналыг хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр тусгах.
46.2.Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хуулийн 46.1.1, 46.1.2-т заасны дагуу эцсийн найруулгыг хянахдаа зөвхөн найруулгын шинжтэй засвар хийж болно.
46.3.Хуулийн эцсийн найруулгыг энэ хуулийн 46.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно.
46.4.Энэ хуулийн 46.3-т заасны дагуу ёсчилсон хуулийг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.
46.5.Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
46.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
46.7.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы чөлөө цагт хууль, тогтоолд хориг тавьсан бол уг хоригийг ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш энэ хуулийн 46.6-д заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ.
46.8.Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн, эсхүл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы хугацаа өндөрлөхтэй холбогдуулан Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг энэ хуулийн 46.5-д зааснаас өөрөөр тогтоож болно.
46.9.Хууль, тогтоолыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд цаасан болон цахим хэлбэрээр албан ёсоор нийтэлнэ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ