47 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх
47.1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /цаашид "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл" гэх/-ийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон энэ хуульд заасан журмаар хэлэлцэнэ.
47.2.Байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний олонх хүрэлцэн ирсэн бол түүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.
47.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд энэ хуулийн 5.1, 5.3 дахь хэсэг хамаарахгүй.
47.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 10 минутаас илүүгүй, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байна.
47.5.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.5-д заасны дагуу нууцаар санал хураахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд ил санал хураалт явуулна.
47.6.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, түүнийг нэгтгэн судлах, хэлэлцүүлгийн явцад ирсэн саналыг нэгтгэн танилцуулах үйл ажиллагааг Төрийн байгуулалтын байнгын хороо болон Тамгын газар хариуцан зохион байгуулна.
47.7.Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно.