50 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх

50.1.Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана.

50.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томьёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр түүнийхээ үндэслэлийг тайлбарлан 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах эрхтэй. Гишүүн хуралдаанд өөрөө оролцоогүй бол түүний гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна.

50.3.Энэ хуулийн 50.2-т заасан санал нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж, санал хураалгах хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

50.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед тухайн Байнгын хороонд харьяалагдсан гишүүд таслах эрхтэй оролцоно.

50.5.Саналын 1 томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны дэмжсэн санал гэж тооцон нэгдсэн хуралдаанд оруулна.

50.6.Байнгын хороо санал, дүгнэлтдээ дараах зүйлийг тусгана:

50.6.1.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэл;

50.6.2.Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол, үндэслэл, шаардлага;

50.6.3.санал хураалтын дүн.

50.7.Байнгын хороод санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

50.8.Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын үндэслэлийг санал тус бүрээр 5 минутаас илүүгүй хугацаанд тайлбарлан санал хураалгах бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг нэгдсэн хуралдаанд оруулна.

50.9.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах шаардлагагүй санал гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгана.

50.10.Зарчмын зөрүүтэй саналаар санал хураахдаа төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр хамтатган санал хураана.

50.11.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах тухай санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар санал, дүгнэлт гаргана.

50.12.Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14.5-д заасан тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.