51 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэг явуулах
51.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулна.
51.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа 10 минутад багтаан тайлбарлаж, саналыг дэмжсэн болон эсрэг байр суурьтай 10 хүртэл гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа санал хураалт явуулна.
51.3.Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14.3, 14.4-т заасныг баримтлан шаардлагатай бол саналын 1 томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.
51.4.Энэ хуулийн 51.3-т заасан санал хураалтаар шийдвэрлэгдсэн санал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтын утга агуулга, ач холбогдлыг алдагдуулах, зөрчилдөхөд хүргэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өргөн мэдүүлсэн төслийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан зөрчлийг арилгах санал, дүгнэлт гаргана.