52 дугаар зүйл. Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх
52.1.Төрийн байгуулалтын байнгын хороо дараах журмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ:
52.1.1.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбар болон гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлт гаргах;
52.1.2.энэ хуулийн 52.1.1-д заасан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, дүгнэлтийг Байнгын хорооны гишүүдэд 3-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан тарааж, хуралдаанаар хэлэлцэх;
52.1.3.энэ хуулийн 52.2-т заасан үндэслэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан санал хураалт явуулах бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгах.
52.2.Байнгын хороо энэ хуулийн 52.1-д заасан гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ дараах тохиолдолд санал хураалт явуулж болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэнэ:
52.2.1.нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн;
52.2.2.энэ хуулийн 51.4-т заасан санал, дүгнэлт гарсан;
52.2.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн;
52.2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн.
52.3.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгана.
52.4.Энэ хуулийн 52.1.3, 52.2-т зааснаас бусад үндэслэлээр нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргахыг хориглоно.