53 дугаар зүйл. Гурав дахь хэлэлцүүлэг явуулах
53.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулна.
53.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж болно.
53.3.Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн 52.2-т заасан саналын томьёолол тус бүрийг 10 минутад багтаан тайлбарлаж, саналын томьёолол бүрийг дэмжсэн, дэмжээгүй байр суурьтай 10 хүртэл гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж болно.
53.4.Саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь дэмжсэн бол саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгана.
53.5.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15.7-д заасан санал хураалтыг 2 удаа явуулахад Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.
53.6.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.