54 дугаар зүйл. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

54.1.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулгын тухай хууль[8], Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

54.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар батална.

54.3.Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах, гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргахыг тус тус хориглоно.

54.4.Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг дараах журмаар нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

54.4.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган ард нийтийн санал асуулгад оруулах төсөл болон нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлт гаргах;

54.4.2.энэ хуулийн 54.4.1-д заасан төсөл, санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх;

54.4.3.ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд найруулгын засвар хийх саналын томьёоллыг Байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэн шийдвэрлэх.

54.5.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дараах журмаар явуулна:

54.5.1.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох;

54.5.2.санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авах;

54.5.3.Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн бол найруулгын томьёолол тус бүрийг 10 минутад багтаан тайлбарлаж, найруулгын томьёолол бүрийг дэмжсэн, дэмжээгүй байр суурьтай 10 хүртэл гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;

54.5.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийх саналын томьёолол тус бүрийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэх;

54.5.5.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэх.

54.6.Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт дараах журмаар бэлтгэнэ:

54.6.1.нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн найруулгын томьёоллыг тусгасан ард нийтийн санал асуулгад оруулах төслийг бэлтгэх;

54.6.2.гишүүд төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх;

54.6.3.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах талаар санал, дүгнэлт гаргах.

54.7.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараах журмаар явуулна:

54.7.1.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох;

54.7.2.гишүүд ард нийтийн санал асуулгад оруулах төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авах, үг хэлэх;

54.7.3.ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах.

54.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоол баталсанд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.