55 дугаар зүйл. Ард нийтийн санал асуулгын дүнг Улсын Их Хуралд танилцуулах
55.1.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгын дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно.
55.2.Гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
55.3.Ард нийтийн санал асуулгаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг "зөвшөөрнө" гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсанд тооцож, хуралдаан даргалагч зүйл, хэсэг, заалт нэг бүрээр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.
55.4.Ард нийтийн санал асуулгаар баталсан хуулийг хүчин төгөлдөр болсонд тооцсоноос хойш ажлын 2 өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.
55.5.Ард нийтийн санал асуулгаар баталсан хуулийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эхийг нийтлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.3, 16.4-т заасныг баримтална.
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ