58 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах
58.1.Хууль санаачлагч бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн үзэл баримтлалын талаар нэгдсэн хуралдаанд 20 минутад багтаан танилцуулга хийнэ.
58.2.Холбогдох Байнгын хороо санал, дүгнэлтээ, нам, эвслийн бүлэг тухайн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг урьдчилан хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна.
58.3.Гишүүн хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
58.4.Гишүүн үг хэлсний дараа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлаар холбогдох Байнгын хорооны саналаар санал хураалт явуулна.
58.5.Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн бол төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байнгын хороонд шилжүүлнэ.
58.6.Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн үзэл баримтлалыг дэмжээгүй бол тухайн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно.