10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ

10.1.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана.

10.2.Улсын Их Хурлаас энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад үүрэг, чиглэл өгсөн тогтоолын биелэлтийн тайланг холбогдох байгууллага энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд ээлжит чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.

10.3.Тогтоолын биелэлтийн тайланг Улсын Их Хуралд ирүүлснээс хойш нэг сарын дотор холбогдох Байнгын хороо хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулж болно.

10.4.Байнгын хороо хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн Засгийн газраас баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт /цаашид "Засгийн газрын шийдвэр" гэх /-ыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн бол Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулна.

10.5.Нэгдсэн хуралдаанаас Засгийн газрын шийдвэрийг хуульд нийцүүлэхийг дэмжсэн бол Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол батлах бөгөөд биелэлтийг энэ хуулийн 10.2-т заасны дагуу сонсож хэлэлцэнэ.

10.6.Улсын Их Хурал тогтоолын биелэлтийг энэ хуулийн 10.5-д заасны дагуу сонсож хэлэлцээд Засгийн газар холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзсэн бол Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно.

10.7.Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.