9 дугаар зүйл. Байнгын, дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
9.1.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой асуудлаар шалган судлах, эсхүл хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг дангаар болон хамтран байгуулна.
9.2.Гишүүн энэ хуулийн 9.1-д заасны дагуу хяналт шалгалт явуулах саналыг өөрийн харьяалагдах Байнгын хороонд эрхлэх асуудлынх нь хүрээнд гаргаж болох бөгөөд уг саналыг Байнгын хороо хэлэлцэж дараах шийдвэрийг гаргана:
9.2.1.тухайн асуудлаар хяналт шалгалт хийж, дүнг танилцуулахыг эрх бүхий холбогдох байгууллагад даалгах;
9.2.2.Байнгын хорооны хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах;
9.2.3.тухайн асуудлаар хяналт шалгалт явуулах шаардлагагүй гэж үзэх.
9.3.Байнгын хороо хяналт шалгалт явуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө тухайн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны тайлбар, мэдээллийг авч, харгалзан үзнэ.
9.4.Байнгын хороо энэ хуулийн 9.1-д заасан ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг тогтоолоор батална.
9.5.Хяналт шалгалтын ажлын хэсэг уг тогтоолд заасан хугацаанд санал, дүгнэлт гаргаж, ажлын хэсгийн ахлагч Байнгын хороонд танилцуулна.
9.6.Хяналт шалгалтын ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.5-д заасан санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох Байнгын хороонд оруулж болно.
9.7.Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын болон энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан асуудлаар тогтоол гаргана.
9.8.Байнгын хороо хяналт шалгалтын үр дүнд үндэслэн холбогдох санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 10.1-д заасан асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна.
9.9.Дэд хороо тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, шаардлагатай мэдээлэл авах, холбогдох албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авч, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.
9.10.Дэд хороо зөвхөн энэ хуулийн 9.7-д заасан асуудлаар тогтоол гаргаж болно.
9.11.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явц, үр дүн, тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хэлэлцэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл дуусгавар болгох шийдвэрийг гаргана.
9.12.Гишүүн өмнө болон одоо хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалын үйл ажиллагаатай холбогдох хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохгүй.
9.13.Хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланг мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан цахимаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлнэ.