11 дугаар зүйл. Асуулт тавих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Асуулт тавих

11.1.Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнд тодорхой бодлогын асуудал, түүний санхүүжилт, төрийн санхүү, төрийн нийтийн өмч, хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэх асуудал болон Улсын Их Хурал бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлж байгаатай холбоотой мэдээлэл авахаар тухайн байгууллагын даргад бичгээр хандсаныг "асуулт" гэнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.16, 8.1.17-д заасан албан бичгээр авах мэдээлэл нь асуултад хамаарахгүй.

11.2.Асуултыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуултын хариуг хугацаа хожимдуулж ирүүлсэн, эсхүл ирүүлээгүй бол асуулт тавьсан гишүүн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналаа энэ хуулийн 57.10-т заасан Байнгын хороонд хүргүүлж болно.

11.3.Гишүүн асуултын хариуд ирүүлсэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл, тооцоо, судалгааг авахаар хугацаатай албан бичиг явуулна. Холбогдох албан тушаалтан албан бичигт заасан хугацаанд нэмэлт мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.

11.4.Гишүүний асуултын хариуг холбогдох Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэнэ.

11.5.Асуулт тавьсан гишүүн тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамт холбогдох Байнгын хорооны даргад уламжилж болно.

11.6.Байнгын хороо гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.