12 дугаар зүйл. Асуулга тавих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Асуулга тавих

12.1.Хууль тогтоомжийн биелэлтийг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар тодруулах, хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад бичгээр хандсаныг "асуулга" гэнэ.

12.2.Асуулгыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуулгын хариуг хугацаа хожимдуулж ирүүлсэн, эсхүл ирүүлээгүй бол асуулга тавьсан гишүүн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналаа энэ хуулийн 57.10-т заасан Байнгын хороонд хүргүүлж болно.

12.3.Гишүүн асуулгын хариуд ирүүлсэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл, тооцоо, судалгаа авахаар хугацаатай албан бичгийг явуулна. Холбогдох албан тушаалтан албан бичигт заасан хугацаанд нэмэлт мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.

12.4.Гишүүний асуулгын хариуг холбогдох Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 113 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

12.5.Нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн 12.4-т заасны дагуу гишүүний асуулгын хариуг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргахыг дэмжсэн тохиолдолд холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.

12.6.Холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн төсөл болон холбогдох санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.

12.7.Гишүүний асуулт, асуулга, түүний хариуг мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.