13 дугаар зүйл. Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэх
13.1."Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээ" гэж хууль тогтоомжийн биелэлтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлоход чиглэсэн цогц үйл ажиллагааг ойлгоно.
13.2.Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт хийх үнэлгээг:
13.2.1.хууль тогтоомжид бүхэлд нь;
13.2.2.хууль тогтоомжийн зарим зүйл, хэсэг, заалтад;
13.2.3.тодорхой харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн зохицуулалтад хийж болно.
13.3.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг энэ хуулийн 8.2-т заасан цаглаварт тусгасны дагуу хийнэ.
13.4.Гишүүний хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийлгэх саналыг холбогдох Байнгын хороо дэмжсэн бол энэ хуулийн 8.3-т заасан саналд тусгуулан шийдвэрлүүлнэ.
13.5.Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
13.6.Холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтэд хөндлөнгийн, хараат бус байгууллага, тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, төрийн бус байгууллагаар үнэлгээг хийлгэх буюу хамтарч болно.
13.7.Тамгын газар Улсын Их Хурлын, Засгийн газар, төрийн бусад байгууллага хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг 10 хоногийн дотор мэдээллийн нэгдсэн санд байршуулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
13.8.Холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.
13.9.Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо нь Засгийн газар, төрийн бусад байгууллагын хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэнэ.
13.10.Холбогдох Байнгын хороо хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна.
13.11.Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт Улсын Их Хурлын үнэлгээ хийх журмыг Улсын Их Хурлын дарга батална.