15 дугаар зүйл. Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
15.1.Улсын Их Хурал дараах тайлан, илтгэл, мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай хэлэлцэнэ:
15.1.1.төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.2.төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн[4] 33.2-т заасны дагуу төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг тухай бүр;
15.1.3.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг жил бүр;
15.1.4.Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг жил бүр, төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн биелэлт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг шаардлагатай тохиолдолд;
15.1.5.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг жил бүр, Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг хоёр жил тутам;
15.1.6.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд;
15.1.7.банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг жил бүр;
15.1.8.Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.9.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.10.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.11.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
15.1.12.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн биелэлтийн тайланг гурван жил тутам, өрийн удирдлагын хууль тогтоомжийн биелэлтийг жил бүр;
15.1.13.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг жил бүр;
15.1.14.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг жил бүр;
15.1.15.Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам;
15.1.16.жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн биелэлтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн биелэлт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам;
15.1.17.Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн биелэлтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг тухай бүр;
15.1.18.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг жил бүр.
15.2.Улсын Их Хуралд дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлнэ:
15.2.1.авлигатай тэмцэх хууль тогтоомжийн биелэлт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр;
15.2.2.эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа.
15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор мэдээллийн нэгдсэн сан болон Улсын Их Хурлын цахим хуудсанд нийтэлж, байршуулна.
15.4.Энэ хуулийн 15.1-д заасан тайланд ажлын 10 өдрийн дотор Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.
15.5.Байнгын хороо энэ хуулийн 15.1-д заасан тайлан, илтгэл, мэдээллийг энэ хуулийн 15.4-т заасан дүн шинжилгээний хамт хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулна.