17 дугаар зүйл. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
17.1.Улсын Их Хурал жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 17.2-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.
17.2.Улсын Их Хуралд ирүүлэх улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дараах асуудлыг тусгана:
17.2.1.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт нь тухайн жилийнхээ зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагч, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр болон нэгдсэн дүнгээр, тухайн жилийг өмнөх жилтэй харьцуулан;
17.2.2.тухайн жилийн биелэлт нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын хэдэн хувьд хүрсэн, шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг төсөл, арга хэмжээ тус бүрийн хувиар харьцуулан;
17.2.3.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд заасан хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй бол түүний шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний тодорхой санал.
17.3.Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
17.4.Тамгын газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор энэ хуулийн 17.2-т заасан бүрдлийг хянаж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.
17.5.Засгийн газар энэ хуулийн 17.2-т заасан бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээг авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс 20 хоногийн өмнө Тамгын газарт хүргүүлнэ.
17.6.Төрийн аудитын байгууллага улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
17.7.Тамгын газар энэ хуулийн 17.3-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
17.8.Улсын Их Хурал энэ хуулийн 17.3, 17.6-д заасан тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулахтай холбоотой тодорхой чиглэл болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгч болно.
17.9.Улсын Их Хурал энэ хуулийн 17.8-д заасан тогтоол баталсан бол тухайн тогтоолд заасан хугацаанд Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
17.10.Энэ хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйлд заасан гүйцэтгэлийн тайланд Тамгын газар дүн шинжилгээ хийх журмыг Улсын Их Хурлын дарга батална.