19 дугаар зүйл. Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн биелэлтийн явцын болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
19.1.Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн биелэлтийн явцын тайланг таван жил тутам Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ.
19.2.Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болохоос нэг жилийн өмнө Улсын Их Хурал хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 19.3-т заасан асуудлыг хянан хэлэлцэнэ.
19.3.Улсын Их Хурал Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланд дараах асуудлыг тусгана:
19.3.1.Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь урт хугацааны хөгжлийн бодлогын холбогдох зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг хөтөлбөр тус бүрээр;
19.3.2.Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг зорилго, зорилт тус бүрийн нэгдсэн дүнгээр.
19.4.Засгийн газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс зургаан сарын өмнө Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
19.5.Тамгын газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 19.3-т заасан бүрдлийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ.
19.6.Засгийн газар энэ хуулийн 19.3-т заасан бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээ авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс гурван сарын өмнө Тамгын газарт хүргүүлнэ.
19.7.Төрийн аудитын байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хэлэлцэх тухайн жилд гүйцэтгэлийн тайланд аудит хийж, Улсын Их Хуралд ирүүлнэ.
19.8.Төрийн аудитын байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайланд тусгана.
19.9.Тамгын газар энэ хуулийн 19.2-т заасан тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
19.10.Улсын Их Хурал энэ хуулийн 19.2, 19.7-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.