21 дугаар зүйл. Төсвийн хяналтын зарчим, төрөл
21.1.Улсын Их Хурлаас төсөвт хяналт тавих үйл ажиллагаанд энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
21.1.1.тасралтгүй, байнгын байх;
21.1.2.ил тод, нээлттэй байх;
21.1.3.үр нөлөөтэй байх;
21.1.4.зохистой байх;
21.1.5.олон нийтийн оролцоог хангасан байх.
21.2.Улсын Их Хурал төсвийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
21.2.1.төсвийн төслийн боловсруулалтын үе шатанд тавих хяналт;
21.2.2.Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд тавих хяналт;
21.2.3.төсвийн хэрэгжилтэд тавих хяналт.
21.3.Төсвийн төслийн хяналт дараах үе шаттай байна:
21.3.1.нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.3.2.гурав дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт. /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.4.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын төсвийн хяналт шалгалтын мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.
21.5.Энэ хуульд заасан тооцоог хийхэд шаардагдах Төсвийн тухай хуулийн[7] 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг тухайн хугацаанд, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн задаргааг зардлын эдийн засгийн ангиллаар, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн задаргааны хамт тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх хугацаанаас өмнөх дараалсан гурван жилийн зэрэгцүүлсэн задаргааны хамт Улсын Их Хуралд ирүүлнэ.
21.6.Төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./