25 дугаар зүйл. Төсвийн хэрэгжилтэд тавих хяналт
25.1.Улсын Их Хурал төсвийн хэрэгжилтэд тавих хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
25.1.1.Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг хэлэлцэх;
25.1.2.шаардлагатай гэж үзвэл энэ хуульд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн хуулийн хэрэгжилтийн талаар төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах;
25.1.3.шаардлагатай гэж үзвэл төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулан ажиллуулах, дүнг сонсох, хэлэлцэх;
25.1.4.хуульд заасан бусад хэлбэр.
25.2.Тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл төсвийн хууль тогтоомжид нийцсэн эсэх, түүнчлэн тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд заасан зорилго, зорилт, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхэд Улсын Их Хурал хяналт тавина.
25.3.Сар, улирал, хагас жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд тухай бүр ирүүлэх бөгөөд хагас жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлд ажлын 14 өдрийн дотор Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийж, дүгнэлт, саналын хамт Улсын Их Хурлын гишүүд, холбогдох Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ. Холбогдох Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо шаардлагатай гэж үзвэл төсвийн гүйцэтгэлийн явцын тайланг хэлэлцэж болно. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.4.Улсын Их Хурал энэ хуулийн 25.1.1-д заасан жилийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой чиглэл өгч болно.
25.5.Засгийн газар энэ хуулийн 25.4-т заасан Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар уг тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
ХЯНАЛТЫН СОНСГОЛ