27 дугаар зүйл. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол
27.1.Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилгоор хяналтын сонсгол явуулна.
27.2.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг хийх хүсэлтээ иргэн, хуулийн этгээд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороонд, эсхүл Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэгт хандан гаргана.
27.3.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
27.4.Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүний санаачилснаар хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулна.