35 дугаар зүйл. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт
35.1.Түр хороо энэ хуулийн 48.1-д заасан болон зохион байгуулалтын асуудлыг хуралдаанаараа шийдвэрлэж, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судална. Түр хорооны даргын санаачилгаар, эсхүл түүний нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь шаардсанаар түр хорооны хуралдааныг хуралдуулна.
35.2.Түр хорооны хуралдааныг нийт гишүүний олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ.
35.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
35.4.Түр хорооны шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Түр хороо зөвхөн өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудлаар тогтоол батална.
35.5.Түр хорооны хуралдааныг хуралдуулахаас гурваас доошгүй хоногийн өмнө түүний хэлэлцэх асуудал, хуралдааны товыг гишүүдэд урьдчилан мэдэгдэнэ.
35.6.Хуульд өөрөөр заагаагүй бол түр хорооны хуралдааныг нээлттэй явуулна.
35.7.Түр хорооны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
35.7.1.түр хорооны үйл ажиллагааг зохион байгуулах, уялдуулан зохицуулах;
35.7.2.түр хорооны хуралдаан, сонсголыг даргалах, хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах;
35.7.3.түр хорооны хуралдаан, сонсголын бэлтгэлийг хангуулах, шийдвэрийг баталгаажуулах, түүний биелэлтэд хяналт тавих;
35.7.4.түр хорооноос эрх олгосны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд нэмж дуудах гэрчийн нэрсийг сонсгол болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө шийдвэрлэх;
35.7.5.түр хороог төлөөлөх;
35.7.6.энэ хуульд заасан бусад үүрэг.
Хоёрдугаар дэд бүлэг
Нотлох баримт