49 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг сонсох

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг сонсох

49.1.Сонсгол даргалагч гэрчийг танхимд оруулна. Хэрэв тусгай шалгалттай холбоотой тухайн асуудлаар хоёр ба түүнээс дээш гэрч байгаа бол гэрчийг тус тусад нь асууна. Сонсголд дуудагдсан гэрчийн мэдүүлгийг сонсох хүртэл түүнийг танхимаас түр гаргаж болно. Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар сонсгол даргалагч шаардлагатай арга хэмжээ авна.

49.2.Сонсгол даргалагч гэрчээс мэдүүлэг авахын өмнө түүний биеийн байцаалт, эрх, үүргийг танилцуулж, тусгай шалгах асуудлын талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг сануулж, мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна.

49.3.Гэрчийн мэдүүлэг сонссоны дараа хуралдаан даргалагч, түр хорооны гишүүд нотлох баримттай холбоотойгоор гэрчээс асуулт асууж, хариулт авна. Гэрчийн мэдүүлэг сонссоны дараа хуралдаан даргалагч, түр хорооны гишүүд асуулт тавина.

49.4.Хуралдаан даргалагч, түр хорооны гишүүд тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавихыг хориглоно.

49.5.Гэрчид тавьсан асуулт нь энэ хуулийн 49.4-т заасан агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асууна. Асуултыг алгасах саналыг гэрч сонсгол даргалагчид гаргаж болно. Асуултыг алгасах тухай гишүүд санал зөрөлдвөл тухайн асуултыг алгасах эсэхийг сонсголд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

49.6.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй.

49.7.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрчээс мэдүүлэг авахтай холбогдсон бусад харилцаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг жишиг болгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.