7 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа
7.1.Байнгын, дэд болон хянан шалгах түр хороо, Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
7.2.Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл болон төрийн бусад байгууллага холбогдох Байнгын хорооны даалгаснаар хяналт шалгалт явуулж болно. Холбогдох Байнгын хороо эдгээр байгууллагыг хууль тогтоомжид заасан чиг үүргийнх нь хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтад оролцуулахдаа тухайн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж үл болно.
7.3.Улсын Их Хурлаас хийх хяналт шалгалтыг Улсын Их Хурлын нэгдсэн удирдамжийн дагуу хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хяналт шалгалттай давхцуулахгүйгээр хэрэгжүүлнэ.
7.4.Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулахдаа аливаа байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцохгүй.
7.5.Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, тооцоо судалгаа, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан нуун дарагдуулахыг хориглоно.
7.6.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай бол тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагыг оролцуулж болох бөгөөд тэдгээрийн ажиллах журам, эрх, үүрэг, хариуцлагыг Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу зохицуулна.
7.7.Улсын Их Хурлын хяналт шалгалтад энэ хуулийн 7.6-д заасан этгээдийг оролцуулах бол энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөж, шаардлагатай зардлыг Улсын Их Хурлын төсвөөс санхүүжүүлнэ.