24 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих
24.1.Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаад улсын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан эрдэм шинжилгээний байгууллага байгуулах, шинжлэх ухаан, технологийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх эрхтэй.
24.2.Засгийн газар Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор гадаад улс, олон улсын байгууллага, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллана:
24.2.1.олон улсын хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дэмжих;
24.2.2.шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг солилцох, шинжлэх ухаан, технологийн шилдэг мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулах;
24.2.3.гадаад улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
24.2.4.судалгаа, хөгжүүлэлтийн дэд бүтэц болон шинжлэх ухаан, технологитой холбоотой мэдлэг, мэдээллийг хамтран ашиглахыг дэмжих;
24.2.5.эрдэмтэн, судлаачдыг гадаад улсын шинжлэх ухааны байгууллагад ажиллуулах, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
24.2.6.олон улсын байгууллагаар дамжуулан шинжлэх ухаан, технологийн олон талт хамтын ажиллагаа явуулах.
24.3.Монгол Улсын харьяат эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллага нь гадаад улс, олон улсын байгууллага, шинжлэх ухааны нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх эрхтэй.