28 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгаа
28.1.Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, төсөл, судалгаа хөгжүүлэлтийн ажил, олон улсын судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөрт үндсэн гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй.
28.2.Эрдэм шинжилгээний ажилтанд дараах зэрэг дэв олгоно:
28.2.1.эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан;
28.2.2.эрдэм шинжилгээний ахлах ажилтан;
28.2.3.эрдэм шинжилгээний дэд ажилтан;
28.2.4.эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан.
28.3.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.4.Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал, ур чадварын түвшин, ажлын үр дүнг үнэлэх, зэрэг дэвийг тогтоох зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутамд аттестатчилалд хамруулах бөгөөд холбогдох журмыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Хүндэтгэн үзэх шалтгаанаар аттестатчилалд хугацаандаа хамрагдаагүй эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилалд нөхөн хамруулна.
28.5.Эрдэм шинжилгээний ажилтан үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, мөн хуулийн 7.3-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө.
28.6.Эрдэм шинжилгээний ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
28.6.1.мэдлэг чадвар, ажлынхаа үр дүнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, зэрэг дэв, цол, ур чадварын нэмэгдэл, нөхөн олговор, тусламж, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;
28.6.2.орон сууц барих буюу худалдан авах зориулалтаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах;
28.6.3.шинжлэх ухаан, технологийн салбарт 20 ба түүнээс дээш жил ажилласан, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарах албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох;
28.6.4.иргэн, хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагын захиалгаар судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэсэн бол захиалагчаас нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах;
28.6.5.хуульд заасан бусад баталгаа.
28.7.Эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн чиглэлээр дотоодод ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа эрдэм шинжилгээний ажилтанд сургалтын төлбөрийн 100 хүртэл хувийн дэмжлэгийг тухайн эрдэм шинжилгээний байгууллагаас үзүүлж болно.
28.8.Улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны цалингийн сүлжээ, тэдгээрт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ