31 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх

31.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт, нутгийн захиргааны байгууллага орон нутгийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

31.2.Судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

31.2.1.улсын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр;

31.2.2.үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг улсын төсвийн хөрөнгөөр;

31.2.3.нутгийн захиргааны байгууллагын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

31.2.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажлыг захиалагчийн хөрөнгөөр.

31.3.Энэ хуулийн 31.2.1, 31.2.2-т заасны дагуу санхүүжилт хийхдээ шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлого, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, бодлогын бусад баримт бичигт хамаарах үндэсний судалгаа хөгжүүлэлтийн болон суурь судалгааны төслийг тэргүүн ээлжид санхүүжүүлнэ.

31.4.Энэ хуулийн 31.2.3, 31.2.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх судалгаа хөгжүүлэлтийн ажил нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортыг дэмжих болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээр хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

31.5.Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.11-т заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.