18 дугаар зүйл. Нөхцөлт бүртгэл
18.1.Эм, вакцины хэрэглээнд гарах хугацаанаас нь хамааран эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлтэй нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эсхүл гадаад улсын эрх бүхий байгууллагаас гаргасан яаралтай горимоор хэрэглэх эм, вакцины жагсаалтыг үндэслэн эм, вакцинд нөхцөлт бүртгэл олгож болно.
18.2.Эмчилгээ, оношилгооны зааварт тусгагдсан боловч ижил төстэй орлуулах эм байхгүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэл үүссэн, хэрэглэх зааварт тусгагдсанаас өөр заалтаар хэрэглэх үед нөхцөлт бүртгэл олгож болно.
18.3.Нөхцөлт бүртгэлийг эмнэлзүйн удирдамж, заавар, холбогдох баримт бичиг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эсхүл гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, лабораторийн шинжилгээний дүн, шинжээчийн дүгнэлт, Эмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна.
18.4.Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, найрлага, тун, хэлбэр, олгох нөхцөл, тусгай нөхцөл, хугацааг нөхцөлт бүртгэлд тусгасан байна.