30 дугаар зүйл. Эмийн эмчилгээний хороо
30.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллагад орон тооны бус эмийн эмчилгээний хороо болон бичил биетний эсрэг эмийн дэд хороо ажиллана.
30.2.Эмийн эмчилгээний хороо болон бичил биетний эсрэг эмийн дэд хорооны ажиллах журмыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
30.3.Эмийн эмчилгээний хороо нь эмнэлзүйн эм судлаач, эмнэлзүйн эм зүйч, чанарын албаны дарга, тасгийн эрхлэгч, лабораторийн болон нян судлаач эмч, халдвар судлаач эмч, статистикч эмч, сувилахуйн арга зүйч, санхүүгийн удирдах ажилтан нарын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй байна.
30.4.Эмийн эмчилгээний хороог эмчилгээ эрхэлсэн орлогч дарга тэргүүлэх бөгөөд нарийн бичгийн даргаар эм зүйн албаны дарга, эсхүл мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан эм зүйч ажиллана.
30.5.Эмийн эмчилгээний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг эмнэлгийн дарга баталж, шаардагдах зардлыг жил бүр төсөвт тусган, санхүүжүүлнэ.
30.6.Эмийн эмчилгээний хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
30.6.1.эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвх, хүртээмж, төлөвлөлт, үр дүнг судлах, хянах, үнэлэх, эмчилгээний болон эдийн засгийн үр ашиггүй хэрэглээг бууруулах, нотолгоонд суурилан сонгох, эмчилгээ, оношилгооны зааврыг мөрдүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, үр дүнг байгууллагын удирдлагад тогтмол танилцуулах;
30.6.2.гаж нөлөө үүсгэх өндөр эрсдэлтэй эмийн жагсаалтыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний онцлогтоо тохируулан гаргаж, жагсаалтад орсон эмийн гаж нөлөө илэрсэн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар боловсруулан баталж, мөрдүүлэх;
30.6.3.эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох журмын дагуу эмийн гаж нөлөөний мэдээллийг хэлэлцэж, дүнг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
30.6.4.эмийн хэрэглээтэй холбоотой тохиолдож болзошгүй эрсдэл, эмчилгээний алдаа дутагдлаас сэргийлэх, түүнийг арилгах арга хэмжээг зохион байгуулах;
30.6.5.эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх аргачлал, гарын авлага, удирдамжийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
30.6.6.эмнэлгийн мэргэжилтнийг шинэ эмийн мэдээллээр хангах, эмийн эмчилгээг оновчтой, эдийн засгийн үр ашигтай, үр дүнтэй төлөвлөх чадварыг бий болгох ажлыг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах;
30.6.7.бичил биетний тэсвэржилттэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, мэдрэг чанарын зүй тогтлыг тандах, судлах;
30.6.8.бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээний талаарх эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, дадлага, хандлагыг дээшлүүлэх, нянгийн эсрэг эмийн эмчилгээний үндэслэл, жор бичилтийг сайжруулах сургалтыг зохион байгуулах;
30.6.9.хорооны тайланг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.