29 дугаар зүйл. Эмийн зохистой хэрэглээ
29.1.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, холбогдох байгууллага оролцоно.
29.2.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эмч дараах эрх, үүрэгтэй:
29.2.1.үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой сонголт хийх, эмчилгээний үр дүнд эргэн хяналт тавих;
29.2.2.эмийн тун, хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний үргэлжлэх хугацаа, илэрч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;
29.2.3.эмийн гаж нөлөөг хянах, тухай бүр мэдээлэх;
29.2.4.эмийг эмийн жорын стандартын дагуу бичих.
29.3.Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эм зүйч эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар дараах эрх, үүрэгтэй:
29.3.1.эмнэлгийн мэргэжилтэнд эмийн үйлдэл, хэрэглээний талаар мэдээлэл өгөх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
29.3.2.эмийн сонголт, тун, хэрэглэх хугацаа, бичил биетний эсрэг эмийн хэрэглээ, эм хоорондын болон эм, хүнсний харилцан үйлчлэл, эмийн гаж нөлөөг хянах;
29.3.3.эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд батлагдсан маягтын дагуу бүртгэн мэдээлэх;
29.3.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж байгаа эм, биоэбэлдмэлийн чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийх.
29.4.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар жор баригч дараах эрх, үүрэгтэй:
29.4.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх;
29.4.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгох;
29.4.3.жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох;
29.4.4.эмийг иргэнд дахин савлан олгохдоо савлалт, шошго дээр эмийн нэр, тун, хэрэглэх арга, хэмжээг бичсэн байх;
29.4.5.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид бага насны хүүхдийн эмийг олгохдоо эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл өгөх.
29.5.Иргэн эмийг зохистой хэрэглэх талаар дараах эрх, үүрэгтэй:
29.5.1.эмийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг эмнэлгийн мэргэжилтнээс авах;
29.5.2.эмийн жорд бичигдсэн эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмийн сангаас авах;
29.5.3.эмийг эмчийн зааврын дагуу тасалдалгүй, бүрэн, зөв хэрэглэх;
29.5.4.хуурамч байж болзошгүй эмээр үйлчилж байгаа байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх;
29.5.5.эмийн гаж нөлөөний талаар эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх;
29.5.6.эмийн үнийг ил тод байршуулахыг шаардах.
29.6.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эрүүл мэндийн байгууллага дараах үүрэгтэй:
29.6.1.эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг хангах;
29.6.2.эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл, сургалт тогтмол хийх.