40 дугаар зүйл. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа
40.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан нэгжтэй, эрүүл мэндийн бусад байгууллага үндсэн, эсхүл гэрээт эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженертэй байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
40.1.1.эмнэлгийн тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг, техникийн үйлчилгээ, урсгал засвар, шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгын төлөвлөгөөг жил бүр гарган хэрэгжилтийг ханган ажиллах;
40.1.2.эмнэлгийн шинэ тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл болон ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжид хийсэн урьдчилан сэргийлэх үзлэг, техникийн үйлчилгээ, урсгал засвар, засвар үйлчилгээ, шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга, ашиглалтын байдлын мэдээллийг тухай бүр холбогдох цахим мэдээллийн санд оруулах;
40.1.3.эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гаргаж, тоног төхөөрөмжтэй харьцан ажилладаг эрүүл мэндийн ажилтанд сургалт тогтмол зохион байгуулах;
40.1.4.эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглэгчийн гарын авлагад үндэслэн ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврыг батлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
40.1.5.засвар үйлчилгээний багаж, тоног төхөөрөмж, сэлбэг, дагалдах хэрэгслийн нөөцтэй байх;
40.1.6.шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж захиалах, худалдан авах, хүлээн авах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
40.2.Баталгаат хугацаа дууссан эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, засвар тохируулгыг тухайн эрүүл мэндийн байгууллага хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээгээр гүйцэтгүүлж болно.
40.3.Энэ хуулийн 40.2-т заасан гэрээнд шаардлагатай болон хугацаат сэлбэг хэрэгслийн жагсаалт, зардлын тооцоо, санхүүжилтийн эх үүсвэр, урьдчилан сэргийлэх үзлэг, техникийн үйлчилгээ, урсгал засварын хуваарийг заавал тусгана.
40.4.Шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгад тэнцээгүй, гэмтэлтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг оношилгоо, эмчилгээнд ашиглахыг хориглоно.
40.5.Ханган нийлүүлэх байгууллага өөрийн нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээ, засвар тохируулгыг баталгаат хугацаанд хариуцна.
40.6.Энэ хуулийн 40.5-д заасан баталгаат хугацааг хэрэглэгч буюу эрүүл мэндийн байгууллагад тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн тооцно.
40.7.Ханган нийлүүлэх байгууллагаас үл хамаарах шалтгаанаар тоног төхөөрөмжийг суурилуулах хугацаа хойшилсон тохиолдолд энэ хуулийн 40.6-д заасан баталгаат хугацаанаас хасаж тооцно.
40.8.Ханган нийлүүлэх байгууллага эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангахад дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
40.8.1.эмнэлгийн тоног төхөөрөмжийн хадгалалт, тээвэрлэлтийг тэдгээрийн чанар, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхаар зохион байгуулах;
40.8.2.ханган нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгсэл болон лабораторийн тоног төхөөрөмжийн урвалж бодис, хяналт тохируулгын материалын тасралтгүй байдлыг хангаж, нөөцийг тогтмол бүрдүүлэх;
40.8.3.эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх бүрд эцсийн хэрэглэгч эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн ажилтанд зориулсан ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулж, арга зүйгээр хангах;
40.8.4.эрүүл мэндийн байгууллагаас ирсэн засвар үйлчилгээний дуудлага болон хэрэглэгч, үйлчлүүлэгчид учирсан сөрөг нөлөөг бүртгэж, хариу арга хэмжээг шуурхай авч, хамтран ажиллах;
40.8.5.ханган нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нь шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгад тэнцээгүй тохиолдолд засвар тохируулга, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх.
ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛ, ХЯНАЛТ