39 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа, таниулах үйл ажиллагаа

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа, таниулах үйл ажиллагаа

39.1.Эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа, таниулах үйл ажиллагаанд энэ хуулийн 26.1-д заасан зарчмыг баримтална.

39.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагын телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар түгээсэн мэдээллийг эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаанд хамруулна.

39.3.Эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагад олгож, хяналт тавина.

39.4.Эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа нь харааны бэрхшээлтэй хүнд зориулан дуун тайлбар, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан дохионы хэл, эсхүл бичгэн тайлбартай байна.

39.5.Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах зар сурталчилгаа явуулахыг хориглоно:

39.5.1.зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эмнэлгийн хэрэгсэл сурталчлах;

39.5.2.эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн хэрэгсэл сурталчлах;

39.5.3.өндөр эрсдэлтэй эмнэлгийн хэрэгслийг сурталчлах;

39.5.4.эмнэлгийн хэрэгслийг сөрөг нөлөөгүй, патентлагдсан, бусад эмнэлгийн хэрэгслээс илүү аюулгүй, чанартай, хямд, үр дүнтэй гэж иргэдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа хийх;

39.5.5.эмнэлгийн хэрэгслийг далд утга, агуулгаар сурталчлах;

39.5.6.энэ хуулийн 39.2-т зааснаас бусад мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

39.6.Эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаатай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зар сурталчилгааны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.

39.7.Эмнэлгийн мэргэжилтэнд эмнэлгийн хэрэгслийг таниулах үйл ажиллагааг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллага, гадаад улсын үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газрын эмчлэх, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер хийнэ.

39.8.Эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн хэрэгслийн далд сурталчилгаа, сүлжээний бизнест оролцох, аливаа хэлбэрийн урамшуулал авахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.